Өнгө тохируулах

Ц.Нямдорж: Прокуророос нууцын зэрэглэлтэй бичиг ирсэн тул ХААЛТТАЙ хуралдана

Ц.Нямдорж: Прокуророос нууцын зэрэглэлтэй бичиг ирсэн тул ХААЛТТАЙ хуралдана

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хоёр удаа хойшилсон. Уг хуралдаанаар прокурорын байгууллагаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ёстой юм. Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос дараах зүйлийг тодрууллаа. 


-Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлсэн. Гэвч энэ асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөг хүртэл хуралдсангүй. Хэзээ хуралдах вэ?

-Н.Номтойбаярын асуудлыг энэ долоо хоногт багтаж шийднэ. 

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан сайд хэзээ ирэх вэ. Дөрвөн гишүүний ирцтэй хуралдаж болдоггүй хэрэг үү?

-Ч.Улаан сайдын талаар мэдээлэл алга. Дөрвөн гишүүний ирцтэй хуралдаад хоёр, хоёроор санал тэнцвэл шийдвэр гардаггүй. 

-Ингэхэд танд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан. Тийм боломж бий юу?

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдахыг Н.Номтойбаяр шийддэггүй, мэддэггүй юм. Хүсэлт ирүүлж болно. Харин тэр хүсэлтийг дэд хороонд танилцуулна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын саналыг уншина. Түүний дараа шийднэ. 

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг оролцуулах хүсэлтээ байгаагаа уламжилсан байсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын энэхүү хүсэлтийг хүлээж авах уу?

-Юу гэж тэд нарыг оролцуулж байдаг юм.

-Хуульд зааснаар прокуророос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл тэр хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсон. Та бүхэн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахгүй байгаа нь хууль зөрчиж байгаа юм биш үү?

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо биш УИХ 48 цагийн дотор хэлэлцэх ёстой. Прокурор УИХ-ын бүрэлдэхүүн байна уу, үгүй юү гэдгийг анзаарч байж асуудлаа ярих ёстой шүү дээ. Прокурорын байгууллага УИХ-тай асуудлыг ярьж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нь байна уу, үгүй юу гэдгийг судалж байж санаала оруулж ирэх ёстой байсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байхгүй байхад асуудлаа оруулж ирсэн.

Өнгөрсөн баасан гарагт ажил дууссан. Даваа гарагт асуудлыг оруулж ирсэн. Адгасан юм прокурорын талаас гарсан. Үүнээс болж 48 цаг гэдэг дээр асуудал үүсээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын удирдлага прокурорын байгууллага хоёр 48 цагийн дотор шийдвэрлэх асуудлыг гарцаа харж оруулж ирэх ёстой байсан. Тэртээ тэргүй намаржингаа яригдсан асуудал. Тэр тооцоогоо хийх хэрэгтэй байдаг.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яг хэдэн хэрэгт холбогдуулж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн юм бэ. Хэвлэлээр янз бүрийн тоо яваад байна шүү дээ?

-Түүнийг прокурор нь ярих юм байлгүй дээ. Сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай нэг асуудал, ордон дотор болсон асуудалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, мөн хэвлэлээр баахан юм ярьсан зэрэг асуудал байсан. Гурван асуудал байна билээ. 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: