Өнгө тохируулах

Ц.Элбэгдорж АТГ-т дахин гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих уу?!

Ц.Элбэгдорж АТГ-т дахин гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих уу?!

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхий сайд асан М.Энхсайханаас ялгаатай нь тэр өмнө нь Тавантолгойн асуудлаар АТГ-т дуудагдаж, гэрчийн мэдүүлэг өгсөн билээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоёр хэн, хэнийгээ гэлтгүй яг ижил нөхцөлд оржээ. Учир нь, тэднийг өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга Таван толгой орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх хэрэгт буруутгаад байгаа билээ. Улмаар прокурорын байгууллагад нотлох баримт болгож 170 хуудас материалыг хүргүүлсэн байдаг.

Харин АТГ-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын ирүүлсэн материалд үндэслэж өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатууллаа. Гэхдээ "Шүүхийн шийдвэргүй цагдан хорьсон" гэх үндэслэлээр түүнийг дараах өдөр нь сулласан юм.

Тэгвэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас "суллагдсан" Ерөнхий сайд асан М.Энхсайхан олон нийтийн сүлжээнд "Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр сүр дуулиантайгаар Таван толгой ордыг Хятадын компанид 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан хэмээгээд нотлох баримт болгож 170 хуудас материал өглөө. Буруутан нь Ц.Элбэгдорж, М.Энхсайхан" гэж тодотгожээ.

Үнэн хэрэгтээ шууд утгаар нь АТГ-т дуудагдаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн босгыг алхах дараагийн хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэж уншиж болохоор байна. Хэрэв уншигчид санаж байгаа бол М.Энхсайхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Шадар сайдын албан тушаалыг хашиж байсан. Түүнийг сайдын суудалд тухлаад удаагүй байхад нь “Үндэсний эрх ашигт харш үйлдэл хийсэн” гэх нэр зүүлгэж, албан тушаалаас нь чөлөөлж байлаа. 

Учир нь, тухайн үед М.Энхсайхан Тавантолгойн төслийн гэрээ гээчийг Засгийн газарт өргөн барьсан ч УИХ-аар ч хэлэлцэлгүй Ажлын хэсэг томилж, түүнийгээ Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэж, тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар түүнд дээрх нэрийг зүүлгэсэн гэхэд болно. 

Мань эр яг энэ асуудлаар өнөө цагт АТГ-т байцаалт өгч, 24 цаг эрхээ хязгаарлуулаад авлаа. Гэхдээ тэр "Тавантолгой гэрээний төсөлд 100 жилийн тухай, үнэгүй өгөх тухай огт байхгүй. Хариуцлагатай хүний амнаас ойчсон санаатай гүтгэлэг байснаас гадна Ерөнхийлөгч нийтийн албан тушаалтны хувьд эрх мэдлээ урвуулан ашиглаж Прокурорын Удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ ажиллагаандаа ашигласан нь ёс зүйгүй, прокурорт иргэний гомдол гаргах дүрэм журмыг зөрчсөн явдал байсан" гэх үгийг дайхаа мартсангүй.  

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхий сайд асан М.Энхсайханаас ялгаатай нь тэр өмнө нь Тавантолгойн асуудлаар АТГ-т дуудагдаж, гэрчийн мэдүүлэг өгсөн билээ. Гэхдээ хараахан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн босгыг алхаагүй. 

Тухайн үед экс Ерөнхийлөгч маань өөрийн цахим хуудаснаа "Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн жиргэж байлаа. Харин одоо тэр дахин АТГ-т дуудагдаж, гутлаа тослоод зангиагаа зүүгээд очихыг үгүйсгэхгүй. 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: