Өнгө тохируулах

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

НИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан, нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Тэгвэл тус Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс коронавирусийн цар тахалтай хүнд цаг үед дүүргийн зарим эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат болон цэр соруулах аппарат зэрэг нийт 16 тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн 9, 13, 23-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг,  Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн 10-р төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн III амбулатори, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд дээрх тоног төхөөрөмжийг өгсөн юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар: “Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэхээр ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Өнгөрсөн сард бид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчийг хамгаалах байруудын үйл ажиллагаатай танилцсан. Үүнийгээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчдыг хамгаалах байрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тогтоол оруулж батлуулан, цаашдын ажлын төлөвлөгөөнд тусгаад байна. Цар тахал өндөр настан, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад хүнд тусаж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарынхан маань хүнд нөхцөлд, ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн дутагдал их байна. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид бид дүүргийн Засаг дарга, эмнэлгийн удирдлагуудтай зөвшилцөж, эмнэлгүүдэд хувийн зардлаараа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч байна” хэмээн ярилаа.

Эмэгтэй төлөөлөгчид мөн эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам өгч, дэмжиж ажиллахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүстээ хандан уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: