Өнгө тохируулах

С.Төмөрдулам: Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд стандартыг мөрдүүлж, бүрэн хяналт тавьж байна

С.Төмөрдулам: Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд стандартыг мөрдүүлж, бүрэн хяналт тавьж байна

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай хотын стандарт, баримт бичиг, “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.

-Хотыг стандарттай болгоход юунд анхаарч ажиллаж байна гэдгээс яриагаа эхэлье?

-Нийслэл маань өөрөө стандартын удирдамж, арга зүйн баримт бичигтэй байх ёстой юм. Түүнд хүрэхийн тулд улс, нийслэлийн хэмжээнд стандартын тогтолцоог хамгийн түрүүнд ярих ёстой болчихоод байгаа юм. Дэлхийн хотууд хэрхэн хөгжиж байна гэвэл олон улсын стандартыг дагаж мөрддөгт байна. Манай газар байгуулагдаад 1,6 жил боллоо. Энэ хугацаанд бид судалгааг маш сайн хийсэн. Монгол Улсад 6390 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгддөг. Гэтэл бодит байдалд стандартыг хэрэгжүүлэхийн тулд удирдамж, арга зүйн баримт бичгийг гаргаж, дагаж мөрдүүлэх шаардлагатай болсон. Энэ жилийг “Нэг хот-нэг стандарт”-ын жил болгон зарласан. Энэ хүрээнд 22 нэр төрлийн 97 баримт бичгийг боловсруулах бөгөөд энэ ондоо багтаж бүх баримт бичиг дуусах юм. Ирэх жилээс улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажилд стандартын шаардлагыг тавьж ажиллана. Бид энэ жил нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандартын арга зүйн 14 баримт бичгийг 534 бүтээн байгуулалтын ажилд мөрдүүлэн ажиллалаа. Уг ажил үр дүнтэй хэрэгжээд явж байна. 14 баримт бичгээр дээрх хэмжээний ажил хяналт тавьж чадаж байгаа юм чинь 22 төрлийн 97 баримт бичиг гаргаад хэрэгжихээр маш олон ажилд стандарт мөрдүүлж чадах юм. Тодруулбал, явган хүний стандартын тухайд баримт бичигт технологи, материалын чанарыг тусгаж өгч байгаа. Монгол Улсад мөрдөгдөж буй төлөвлөлтийн норм дүрэм, стандартын дагуу, технологи, материалыг талаар тусгаад өгөхөөр ажил чанартай хийгдэнэ гэсэн үг.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг гараад байна вэ?

-Одоогоор 14 бичиг баримт гараад хэрэгжиж байна. Явган хүний зам, тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад шаардагдах шаардлага, барилгын ажил гүйцэтгэж буй газрын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдах сандал гэх мэт бичиг баримтууд гарсан. Хүн хоногийн 24 цагийн ихэнхийг нийгмийн харилцаанд орж, гадуур явж өнгөрүүлдэг. Ингэхдээ явган хүний зам, барилгын ажлын гадна хашаа, нийтийн сандал зэрэг ямар байх ёстой вэ гэдгийг сандартаар тусгаж өгсөн. Хамгийн эхэнд гаргасан 14 бичиг баримтад хотын өнгө үзэмж, дизайн, иргэдийн ая тухыг хангах талаарх шаардлагыг тусгасан. Харин дараагийн 14 бичиг баримт бол төлөвлөлт тал руугаа байх юм. Жишээлбэл, сургуулийн шинээр барихдаа хэр хэмжээний талбайтай байх уу, хашаа, аюулгүй орчин нь ямар байх вэ гэдэг нь бүгд стандартын бичиг баримтаар тодорхой болно. Ирэх жил гэхэд нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын, тохижилтын бүхий л ажилд стандартын бичиг баримтын дагуу хяналтаа бүрэн тавих болно.  

-Эдгээр бичиг баримтууд бүрэн гарснаар өвөл хальтирч уначих гээд байдаг явган хүний зам, талбай дахин хийгдэхгүй болж, хотдоо аюулгүй зорчих боломж бүрдэж чадах нь. Тийм үү?

-Зөвхөн төрийн байгууллагууд нь стандартаа мөрдөөд явдаг, бусад нь мөрдөхгүй байж болохгүй л дээ. Нийслэл хотод төрийн болон хувийн хэвшлийн бүхий л газрууд үйл ажиллагаа явуулдаг. Иргэн, аж ахуйн нэгжүүд болон иргэд ч энэхүү стандартыг мөрдөнө. Таны хэлсэнчлэн хальтиргаа, гулгааны хүндрэлтэй асуудлууд арилна. Үүнийг арилгах ч ёстой юм. Төрийн болон хувийн хэвшлийнхэн, иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүгдийнх нь оролцоотойгоор хамтдаа стандартыг дагаж мөрдөж, дэлхийн жишигт нийцсэн хотыг бий болгохын төлөө явах хэрэгтэй. Улаанбаатар хотод оршин суугч мөн стандартаа мөрдөх учиртай. Хотын оршин суугч ямар байх ёстой вэ, ямар норм дүрэм мөрдөх вэ гэдэг чухал. Бидний зүгээс хотын иргэн бол наад зах нь хогоо хаядаггүй байх хэрэгтэй шүү дээ.

-Таны хэлсэнчлэн нийслэл хот өмнө нь стандартгүй биш стандарттай байсан. Гэтэл яагаад стандарт хангалттай мөрдөгддөггүй байсны шалтгаан нь юунд байсан юм бол?

-Стандарт хэмжил зүйн газраас гаргасан стандарт мөрдөгддөг. Хот өмнө нь мөрддөг байсан уу гэвэл тийм. Гэхдээ бидэнд дутагддаг байсан зүйл нь стандартын удирдамж, арга зүйн бичиг баримт юм. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар байгуулагдаад стандартын бичиг баримт гарснаар хотод хийгдэж буй бүтээн байгуулалт, ажлууд чанартай хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Стандартын бичиг баримтын дагуу мөрдүүлж ажиллахад хүндрэлтэй асуудал үүсч байна уу?

-Бид өнгөрсөн тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1 хүртэл “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлсэн. Учир нь Улаанбаатар хотод маш олон газар барилга баригдаж байна. Барилгын хашааны стандартын норм дүрмийг хангаж ажиллахгүй 446 газар байсан. Барилгын стандартыг хангаагүйгээс болж явган болон машинтай иргэний аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байдаг. Энэ хугацаанд бид аюулгүй байдлыг хангах, стандартын бичиг баримтын хангуулахаар 376 байршилд хашааг солиулж, стандартыг мөрдүүлсэн. Барилгын компаниудын зүгээс ойлгож хүлээж авсан. Гэхдээ 90 гаруй компанийн хашааг солиулах, стандартыг хангуулах асуудал бий. Бид нэг туршилт хийж, төвийн зургаан дүүргийг сонгож аваад өглөө 08:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд барилгын хашааны гадна талаар явж буй иргэдийг тоолж үзсэн юм. Тэгэхэд нэг л барилгын хашааны хажуугаар 6400 хүн явж өнгөрсөн. Үүнээс харахад л стандартыг мөрдөөгүй барилгын хашаа, хамгаалалтын доогуур маш олон хүн өнгөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүний дээрээс юм унах, хашаа салах, хүн бэртээх, эд хөрөнгийг хохироох зэрэг аюултай нөхцөл байдал үүсч байна. Би гэхдээ бүх хувийн компаниуд стандарт мөрддөггүй гэж хэлж байгаа юм биш шүү. Стандартыг маш сайн дагаж мөрддөг аж ахуйн нэгжүүд бий. Стандартын бичиг баримтаа бариад үүний дагуу стандартаа мөрдөж ажиллах талаар ярихад маш сайн хүлээж авдаг.

-Эцэг эхчүүдийн санаа зовоодог зүйл бол хүүхдийн тоглоомын талбай. Хүүхэд тоглох гэхээсээ илүү бэртэж, гэмтэх магадлалтай тоглоомууд байдаг шүү дээ. Тоглоомын стандартыг хэрхэн гаргасан бэ?

-Тоглоомын талбайн стандартын удирдамж, арга зүйн бичиг баримт гарсан. Үүний дагуу бид хяналт тавьж байна. Судалгаа хийж үзэхэд нийслэлийн хэмжээнд 334 байршилд үнэхээр аюултай тоглоомын талбай бий. 1970, 1980-аад оны гулсуур, эргэдэг тоглоом гэхчлэн хуучны тоглоомууд байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран шинээр баригдах хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж байна. Бид ирэх жилүүдэд стандарт хангаагүй, Хятад улсын чанаргүй тоглоомыг суурилуулахгүй. Харин ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд модоор тоглоом хийлж, аюулгүй, чанартай байхад хувийн хэвшлийн компаниуд анхаарч ажиллах хэрэгтэй. Аюулгүй байдал, хотын стандартыг хангуулна гэдэг нэгдүгээрт хотын оршин суугчдын аюулгүй байдал, хоёрдугаарт хотын өнгө үзэмжийн асуудал байгаа юм.

-“Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд онцлох ямар ажлуудыг хийв?

-Зорилтот жилийн хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцооны менежментийн стандартыг нэвтрүүлэхээр тусгасан. Энэ дагуу төрийн байгууллагууд эхнээсээ нэвтрүүлээд эхэлсэн. Үүнийг нэвтрүүлээд ирэхээр төрийн байгууллагуудын ажлын давхардалт арилдаг, чанар сайжирдаг. “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн нэг зорилго бол төрийн байгууллага дотроо чанарын удирдлагын тогтолцоог бий болгох юм. Нөгөөтэйгүүр иргэдийн аюулгүй байдлыг хангахын сацуу иргэддээ ойлгуулах чиглэлээр ажиллаж байна. Төр, хувийн хэвшил, иргэдийн зүгээс хамтдаа стандартаа мөрдөөд ажиллачихвал хот өөрөө хөгжих юм.

-Зорилтот жилийн төлөвлөгөө хэрхэн үр дүнтэй биелэж байна вэ?

-Зорилтот жилийн төлөвлөгөөнд бид 11 зорилт, 86 ажлыг тусгасан. Байгууллагуудын зүгээс маш идэвхтэй оролцож байгаа. “Ковид-19” халдварт цар тахлаас болоод төлөвлөсөн зарим ажил хойшлогдсон асуудал бий. Бид төрийн болон хувийн байгууллагуудыг сургалт, арга зүйгээр хангаж ажиллаж байна. Ямартай ч бид “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд төлөвлөсөн ажлаа энэ оныг дуустал хот, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын хэмжээнд 100 хувийн гүйцэтгэлтэй дуусгана.

-Хотын стандартыг мөрдөхгүй байгаа аж ахуйн нэгжид ямар хариуцлагын арга хэмжээ тооцохоор байгаа вэ?

-Стандарт мөрдөхгүй газрууд бас байна. Шаардлагыг хүлээж авахгүй байна. Энэ тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага руу мэдээллээ хүргүүлж байгаа. Тус байгууллага арга хэмжээгээ аваад явна. Хэрэв тэдний шаардлагыг хүлээж авахгүй бол Эрүүгийн хариуцлага тооцно.

-Иргэдийн санал хүсэлтийг хэрхэн хүлээн авч байна. Та бүхэнд хэр их хандаж байна?

-Манай байгууллагад иргэд ихэвчлэн гомдлоор хандаж байна. Явган хүний зам эвдэрсэн, орц, гарц хаасан, аюултай тог цахилгаан байна гэх мэтээр асуудал тавьдаг. Бидний зүгээс газар дээр нь очиж ажиллаж, холбогдох байгууллагуудад нь асуудлыг тавьж, шийдвэрлэдэг.  

-2021 онд хотын стандартын чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Ирэх онд бид маш олон ажил төлөвлөсөн. Юун түрүүнд 22 нэр төрлийн 97 бичиг баримтыг гаргана. Үүний дараагаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийлгэхэд анхаарч, хяналтаа сайжруулна. Стандарт гэдэг нь хэм хэмжээний доод хязгаар юм. Өөрөөр хэлбэл, бүх зүйл стандартаас эхэлнэ гэсэн үг. Бид стандарттай, дагаж мөрдөх удирдамж, арга зүйн бичиг баримтыг хэрэгжүүлж байж дараа дараагийн ажлууд, бүтээн байгуулалтууд, нийслэл хотод хийгдэж буй бүх зүйлийн тухай ярих хэрэгтэй болно. Стандартыг дагаж мөрдөж ажилласнаар ажлын чанар нэмэгдэхээс гадна иргэдийн татварын мөнгө болох төсвийн хөрөнгийг үр дүнтэйгээр зарцуулж чадна. Стандарт өөрөө бүтээн байгуулалтын чанарт хяналт тавьж байгаа гэж ойлгож болох юм. Бид стандарттай байсан хэрнээ стандартгүй юм шиг амьдарч ирсэн цаг өнгөрсөн. Одоо хяналт тавьж, стандартыг маш сайн мөрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид ирэх онд стандарттай хот болох иргэдэд ээлтэй, ая тухтай орчин бүрдүүлэх, стандартыг хангаж ажилласнаар төсвийн үр дүн нэмэгдэнэ. Стандартын удирдамж, арга зүйн бичиг баримт батлагдан гарч, иргэн, аж ахуйн нэгжийн гарт очиж, үүн дагуу стандартыг хэрэгжүүлэх ажил дөнгөж эхэлж байна. Бид цаашид нийслэлийн хэмжээнд хийгдэж буй ажлуудад стандартаа мөрдүүлж, удирдамж, арга зүйн бичиг баримтыг боловсруулж, чанарт анхаарч ажиллана.            

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: