Хорихоос оргосон этгээд ГУРВАН...
ШШГЕГ-ын урьдчилан хорин 461-р ангиас өчигдөр /2019.06.19/ 1...
Оймс, Мэргэжлийн хяналт хоёр “од” болж байна. Оймс гозолзуулж, оймс шиддэг үе моодноос гарч, оймсондоо хээл хахуульд авсан доллараа нуудаг шинэ туршлага гарсныг Мэргэжлийн хяналтын газрын албаны дарга зааж өглөө.
Хаа сайгүй оймсондоо мөнгө нуусан хүмүүс... Гэхдээ энэ наргиа биш ээ.
АТГ-аас өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болголоо.
Оймсонд авлигаа нуудаг дуулиан иргэдийг бухимдахад хүргэж байна. Аргагүй шүү дээ, төрийн албаны дунд шатны ажилтны оймс, гуталнаас боодол боодлоороо доллар гарч ирээд байхаар жирийн иргэд хэнд, юунд итгэх болж байна вэ?
Төрд шигдсэн хулгайч нарын булхай, луйврын ганцхан жишээ л энэ шүү дээ.
Төрийн албан дахь авлигын хэрэг хэрээс хэтэрсэн, авлига авсан төрийн албан хаагчдад оноох ял шийтгэл сул байгаа нь зөвхөн энэ жишээнээс хангалттай харагдаж байна.
Олон нийтэд дэлгэсэн дээрх бичлэгийг 2017 оны арванхоёрдугаар сард хийсэн гэдгийг АТГ-аас тодруулсан. Тэд авлигад авсан их хэмжээний мөнгөө оймсондоо нуусан, гэр болон ажлын байрандаа хадгалж байсан нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгчид тухайн үед Н.Баярсайханыг үйлдэл дээр нь барьж, бичлэг хийн баримтжуулж авсныгаа өчигдөр олон нийтэд цацсан гэсэн үг. Үзүүлэхээс ч өөр арга байгаагүй байх.
Хэргийг шалгах явцад дээрх нөхдийн гэр болон албан өрөө, биеэс нь ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авч байгаа нь бичлэгт гарч байгаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулсан гэсэн үг. Харин АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20.000 юань, Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8.600 ам.доллар, 10 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Шалгалтын явцад Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах аргаар нэг тэрбум орчим төгрөгийг авлига авсан болох нь тогтоогдсон...
Гэтэл ийм тодорхой хээл хахууль, авлигын хэрэгт холбогдсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байтал хоёр сарын өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Н.Баярсайхан нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Ажил мэргэжил, албан тушаалаа ашиглаж хувьдаа нэг тэрбум орчим төгрөгийн авлига авсан "хурган дарга" нарыг тэдний хувьд зүгээр л оймсны түрийнд нь явж байдаг “дөчхөн” сая төгрөгөөр торгоод өнгөрч болно гэж үү???
Энэ хүмүүс таван жилийн дараа хулгайгаар эргэж ирээд, торгуульд өгсөн оймсон доторх мөнгөө хэдэн зуу дахин нугалж, олно гээд бод доо... Үгүй гэхийн арга байхгүй.
Төрийн албаны "Хурган дарга" нарын холбогдсон авлигын хэрэг 2017 онд болсон гэхээр өнөөгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүг байхад үйлдэгдсэн болж таарч байна. Ганц газар, хэлтсийн даргаас энэ их хэмжээний авлигын хэрэг илэрч байхад цаана нь хэчнээн дарга, байцаагч, хэлтэс, газрын даргууд нь оймсондоо доллартай явааг энгийн иргэд таашгүй. Ийм хүмүүстээ Н.Цагаанхүү дарга ямар хариуцлага тооцдог вэ, тооцох вэ, ийм мэргэшсэн хулгайч, авлигачдыг Монгол Улсын хяналт, шалгалтын мэргэжлийн байгууллагад ажиллуулж, авлигын сүлжээ бий болгуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд өөрсдөө ямар хариуцлага хүлээсэн юм бэ? Энэ байгууллагыг удирдаж байгаа Н.Цагаанхүү дарга хариуцлага хүлээх үү, хариулт өгөх үү???
Энэ асуултыг халуун дээр нь тавимаар байна.
Төрийн бүх шатны авлигач, хулгайч, төрөөс төрдөг саятан, тэрбумтнуудыг оймсондоо мөнгөө нуухаас өмнө олох хэрэгтэй. Илрүүлэх хэрэгтэй.